Oirad Tumen – 2014
ҮҮЛЭН ШҮХЭРТЭЙ ТЭНГЭРИЙН ДООР
ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛИЙН ЭНГЭР ДЭЭР…
(Аян замын богцоос)
…Өндөр көкөөн өврөөс
Өндгөн хараараан гүүлгэнээ
Өрийн ах нар та нартаагаан
Найрлан хамтаар жирганаа…
Наран жаргахын алдад бид Дөргөн сумаас гарлаа. Арын дэнж дээр зогсон аян замын ерөөл хүсэж уул ус тэнгэр хангайдаа сан тавьж залбираад зам шуудрав. Билгийн тооллын зуны адаг цагаагчин хонин сарын шинийн 8, 9-ний билэгт сайн өдрүүдэд Увс аймгийн Түргэн сумын Хиргэнэ гэдэг газарт болох “Ойрад түмэн” язгуур урлагийн их наадамд оролцохоор уригдан, төрөлх Дөргөн сумаасаа ардын авъяастан 3 хөгшнийг “богтлон” аваад явж байгаа минь энэ. Уг наадмыг зохиогч байгууллагын зүгээс урилга заллага удирдамж хөтөлбөрөө Ховд аймгийн ССАЖГ-аар дамжуулан нэгдсэн журмаар сумуудад өгсөн хэдий ч даншиг наадам, ойн баярууд давхцаад ааг амьсгаа авч амжаагүй юм уу, дарга цэрэг холбогдох хүмүүс нь хариу өгөөгүй таг чиг гэнэ. Ойрад түмний том бүрэлдэхүүн торгуудуудтай (Булган сумын) удаа дараа холбоо барин урьж залсан боловч цаад хүмүүсийнх нь цаг зав нь таараагүй юм уу, унаа тэрэг нь саатсан уу, удахгүй гарлаа гээд бас л алга болцгоожээ. Ингээд миний бие яруу найрагч Б.Баяраа ахыг жолоочоор урин аваад, бидэн 4 олон улсын чанартай том наадамд бүхэл бүтэн аймгийнхаа нэрийн өмнөөс гарч өглөө дөө. Мааньтын хөтлөөр давж уруудан Баян овоон хойт худагт зусаж байгаа, манай багийн гишүүн Цэгмэд ахын ач хүргэн Пүрэвсүрэнгийнхээр буун ингэний айраг залгилаад хөдлөв. Шөнө дундын үе шүлэг нойрын цагаар Наранбулаг сумаар орж Цэгмэд ахын худ Жүгдэр гэдэг айлд цай хоол хийлгэх зуур 2 хөгшин маань шимийн архи шимэн хэсэг тухлаад цааш хар тосон замаар гүйлгэн цаг гаруйтай явж Улаангомд орж Театрын сахиулаас “Наараан суутан” Лхагва ахын үлдээсэн бензиний мөнгийг аваад замаа хөөцгөөлөө.
Үүр хаяарч ахуйд Улаан даваан дээр гарч ирэхэд тэртээд Түргэний уулсын ноён оргил “Дэглий цагаан” үлэмж дагшинаар гэрэлтэн үлгэрийн юм шиг сүмбэрлэх нь сүрдмээр хийгээд биширмээр. Зорьсон газраа ирэхэд 5 цаг 40 минут болж, модот уулын зүүн салаанд мөөг шиг бөмбийлдэх жуулчны баазын гэрүүд өглөөний наранд өнгө ялгаран цайрч байлаа. Лхагва ах биднийг угтан ирж мэндлэн золгож зочдын өргөөнд оруулан цай хоолоор дайлаад 15 дугаарын гэрт амарч тухлахыг мэдэгдэв. Урд орой нь ойрад түмний гал тахих ёслолын арга хэмжээ, галын наадам болсон ч бид амжаагүй билээ. Наадмыг зохион байгуулагчид шөнөжин нойргүй, хээрийн тайзаа угсарч босгож гагнаж хоножээ. “10 цагт наадмын нээлт болох хүртэл жаахан амраад нүдний хор гаргаад авцгаах хэрэгтэй байхаа” гэж “МВС”-гийн Мягмарсүрэн захирал санаа тавилаа.Төрөлх сургуулийн маань 60 жилийн ой тохиогоод наадам цэнгүүн нийллэг дайллага гэсээр хоёр гурван өдөр бужигнаж нойр муутай байсны дээр шөнөжин давхиулаад огт унтаагүй мөртлөө байгалийн сайханд нүд баясан сэтгэл сэргэж, аян замын алжаал ядаргаа ор мөргүй хийсэн одов. Юун унтах.
Униартагч их Алтаад
Униарын будан татна
Уул нутгаан санахад
Юухан жиргалтай Алтаа вэ…
Ай, их уулсын орон минь. Ариун цэнгэг агаарыг нь амьсгалаад залгилаад ханамгүй ээ. Аз жаргал гэдэг чинь амар амгалангийн үр билүү л…
Бур бур бороотой
Сэр сэр салхитай
Бурхан бумбын орон гэж аав ээжийн дуулдаг байсан тэр нутаг энэ
санж хэмээн халимаг буурлууд бишрэн сүсэглэсэн гэнэм.
Уул хайрхан ноёлон дүнхийж Үүрэг нуур хөлд нь цэлийж, ой мод ногоорон сүглийх онгон дагшин баян тансаг байгаль ээжийн энхэр зөөлөн энгэрт энэхүү “ОТ ТУР” ХХК-ны “Оршин тогтнохуй” аялал жуулчлалын бааз ажиллан, “Ойрад түмэн” язгуур урлагийн наадмыг 2006 оноос жил бүрийн 8 сарын 4, 5нд, тасралтгүй 8 дахь удаагаа зохион явуулж байгаа нь энэ ажээ.
Наадмыг санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэж, үндэсний язгуур урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулж ирсэн энэхүү буянт үйлсийн эзэн нь “От тур” ХХК-нын ерөнхий захирал, “Ойрад түмэн” ТББ-ын тэргүүн Ж.Батсүх гэдэг нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, нүдэнд дулаахан шаламгай байрын шавилхан шар залуу байлаа. Хэн дуртай хэр баргийн аавын хүү ч биш, хатан зүрхэндээ өмгөөлж халуун цусаараа тэжээх монголоо гэсэн чин сэтгэлтэй хүн л үүрэг мэт санан зорьж, үнэнчээр зүтгэн ололт дэвшлийг олж гаргаж чадахын учир “Ойрад түмэн” ТББ-ыг байгуулан тэргүүлж, олон улсын чанартай болгон наадмынхаа хүрээг тэлж, өвөг дээдсээс дамжин өчнөөн зууныг өртөөлөн үлдэж ирсэн ч ороо бусгаа он цагийн тоосонд дарагдаж, орхигдон гээгдэж яваа уламжлалт хэл соёл зан заншил, язгуур урлаг болон үндэсний үнэт нандин өв дурсгалаа сэргээн хадгалж өвлүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл хөлс хөдөлмөр хөрөнгө мөнгө бүхнээ харамгүй зориулж яваа Батсүх ахад баярлаж талархах нь зүй ёсны хэрэг байлаа. Тийм ч болохоор аялал жуулчлалыг язгуур урлагтай хослуулан хөгжүүлсэн ховор үйлсийг нь үнэлж 2010 онд “Испани”-ийн нийслэл Мадред хотод болсон олон улсын фесьтивалаас “Алтан бух” шагналыг хүртээсэн ажээ.
Мөн ачааны ихийг үүрч арын албыг амжуулах эхнэр хүний зүтгэл эрийнхээ нэрэнд багтаж явдаг болохоор нөр их ажил үйлсийг бүтээн босголцож ирсэн түүний хань Оюун эгчдээ нэгэн адил талархал дүүрэн явнаа…
Нарин баахан шаргыг
Амы нь татаад мордыт
Насанд санагсан үйлсийг
Номын ёсоор бүтээгийт…
10 цагт наадмын нээлт болж хөгжим дуу хангинан, “Тува”-чууд тугаа мандуулан тэргүүлж, ойрад түмний ардын авъяастнуудын төлөөлөл болсон олон ястан угсаатнууд өөр өөрийн өвөрмөц загвар хийц бүхий өнгө ялгаран алаглах хувцас чимэг хэрэглэл хийгээд хуур икл цуур товшуураа барьсаар баярын талбайд жагсан ирж, тойрон эгнэж бахархал дүүрэн зогсоцгоов.
Эхний өдрийн наадам язгуур урлагаар дагналаа.
Тагнийн их уулсын сүрлэг шинж төрх, сүрдэм хавцал, цавчим халил, өтгөн ой тайга, өндрөөс түрхрэн буух горхи булаг, довтлон хөөсрөх догшин гол ус, байгалийн шунгинах хүнгэнэх исгэрэх хархирах бүхий л авиа чимээ дуу дүрслэл өнгө хоршилыг гайхамшигтайгаар тусган илэрхийлдэгээрээ дэлхийд алдартай Тува хөөмийд автан, бахдан ахуйд “ёстой бут авч будаа болголоо” гэдэг үг санаанд оров.
ОХУ-ын гавъяат жүжигчин Ирил ахлагчтай Тува улсын баг бүрэлдэхүүнд ОХУ-ын ардын жүжигчин 4, гавъяат жүжигчин 3 ирсэн ба үнэхээр чадварлаг хүчтэй тоглолт үзүүлбэрүүдийг толилуулж байлаа.
1912 оны 7 сард Ховд хотыг манж хятадаас чөлөөлөх дайн эхлэхийн урд орой цэргүүдэд эр зоригийн дуулал, баатарлаг үйлсийн бахдал болсон домогт Бум-Эрдэнэ туулиа хайлж асан, (оросын эрдэмтэн А.В.Бурдуков Парчин туульчийн хэлсэн туульсыг бичүүлэн авч дэлхий дахинд монгол туулийг гаргаж таниулжээ) ойрадын алдарт туульч М.Парчин агсаны унасан газар угаасан ус Хяргас сумын Булган хангай багаас төрөн гарсан М.Цолмонхүү хүүгийн тодхон цээл хоолой товос товос товшуурын аянд онгод тэнгэрээ дуудаж овоо тахилгаа тойлох мэт нэг өндөрсөн нэг намсаж, хайлах туультайгаа хавь орчныг хамтад нь займруулах…
Их эртний аялгуу гадагшаа займарч дотогшоо зангирахад дээдсийн сүнс сэрж, дэлт морьд нь дэргэж, дэлхийн хоймор дэнслэх шиг л… Тийм эртний аялгуу бодол тэмтрэх…
Их уулсын дунд идээшин жаран жарныг жаргааж ирсэн ард түмний дуу хуур нь авиа эгшиг аялгуу хөгөөрөө их уулсаа л дуурайх.
Ойрад түмний ут дууны өв сан нь утга агуулгын хувьд ерөнхийдөө нэг ч угсаатан ястан тус бүрдээ үг шүлэг ая данг нь зөрүүтэй байхаас гадна дотроо ч баруун зүүн урд хойт нутаг хошуугаараа бага зэргийн ялгаатай өөр аяар дуулах.
Намирын эхнийхэн буюу “онгионхон” аятай нь Давст, Улаангом, Тариалан, Ховд, Өмнөговь, Наранбулаг, Өлгий, Дөргөнийхөн, “хааныхан” аятай нь Түргэн, Сагил, Бөхмөрөн сумынхан гэх мэт.
Ут дууны төрөлд дөрвөдүүд зонхилж Ш.Аюуш, Со.Намсрай. То Намсрай,( Улаанбаатраас ирсэн) Ш.Батсүх (Дарханаас ирсэн) магнайтай ойрадын нэрт олон дуучид ирсэний дунд хамгийн залуу, бас ээмэгтэй нь би байлаа. Бөхтэй ламтай,нэртэй төртэй, хэлэмгий шаламгай, дууч хуурч яргайнхны үргэлжлэл миний нагац Цэгмэд ах “Цагаан тохой нутаг” дууг язгуур хөг аяар нь дуулж, аялгуу сайт Айтынхны удам, яруу дууч яргайнхны зээ охин би “Улаан бор мор”-иан дуулж угтаан хоёулан “ууд холбон жолоо өргүүлж” талархал хүлээн энгэрээн цоолуулж бэлэг гардавт.
…Зээ.. хэмээн эхлэхэд зэл дүүрэн унага зэрэглэн харагдаж, болтугай хэмээн төгсгөхөд ботго тором талаар нэг бэлчих мэт болох, дандаа сайн сайхныг даллага мэт хурайлан эерэг эрч хүч хуримтлуулдаг бэлэг дэмбэрэлийн цогц бол ерөөл магтаал билээ. Энэхүү наадамд оролцсон ардын авъяастнуудаас олон сайхан ерөөл магтаал аялгуулан хэлсний дотор Давст сумаас ирсэн Мөнгөнсүх нь хурдан морины цолыг дуудахдаа унаган хүлэг морио нутгийнхаа уул устай уялдуулан холбож шүлэглэсэн нь арай содон, өөрийг эрэлхийлсэн өнгө аястай байлаа.
Ахуй амьдрал, зан заншлаа уран нарийн үйл хөдөллөөрөө харуулан, ая татлагаа дагаж үелзтэл биелэх урианхай, дөрвөд, баяд, хотонгийн авъяаслаг олон бийчид дотроос шар дээлтэй шалмаг хөдөлгөөнтэй хөгшөөрөг хүн накалзтал биелж намилзтал бүжсэн нь хотонгийн алдарт бийч Зинаамидэр гуай юмсанжээ…
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чахдсанд багтаадаг
Хосгүй нэгэн овог
Ази-ийн цээжинд нутагтай .. гэж их найрагч маань зүгээр ч нэг
хэлээгүй. Хуурын хэлээр хүмүүс хоорондоо ярилцдаг байсан тухай
олон домог түүх, аман яриа байдгаас жишээлэхэд ойрадын “Таван хасаг” гэдэг татлаганы тухай сийрүүлбэл…
Османы дээрэмчид довтлон айл хотлыг тонон, алж түүвэйж асан аюул түгшүүрт тэр цагт таван хасаг цэрэг мал хариулж явсан нэгэн залууг алаад гэрт нь очжээ. Хүний дотор хүн байдаг болохоор тэдгээрийн дунд нэгэн сайн санаат цэрэг яваад хоймор тавиатай хуурыг авч ийн татаж гэнэ.
Таван хасаг таван хасаг
Түүнээ дундак улаан нүдэн буутаа хасаг!
Адаргаар дүүрэн адуун байна
Арилжаа көк азарга байна түүг авыч түүг авыч
Утсан чигтээ улаан амийм өршөөгийч гигээд ядав
Тэсгэнээр дүүрэн тэмээн байна
Тэлүү манкан буур байна түүг авыч түүг авыч
Утсан чигтээ улаан амийм өршөөгийч гигээд ядав
Хотхораар дүүрэн хойн байна
Хотхор галзан хуц байна түүг авыч түүг авыч
Утсан чигтээ улаан амийм өршөөгийч гигээд ядав..
Үүнийг сонссон айлын эхнэр бүх учрыг ойлгож архи сөгнөсөөр согтоон унагаж дайснаа даран амар мэнд үлдсэн гэдэг.
Мөн нэгэн хархүү эрэлд явсаар замын айлд буужээ. Гэрийн эзэгтэй цай цүү ч болохгүй, царай өгөх янзгүй үйл үртэс бариад жишимгүй сууна гэнэ шүү. Залуу баахан байгаад тэсч ядахдаа хуурыг нь авч
Харамч авгаа хайснаа хавхаг
Хар аргал галын хавхаг гээд татаадахсан чинь хүүхэн гүйж гарснаа
орж ирээд хуурыг шүүрэн авч
Эцэнхий цагаан морь чинь
Эмээлээ гэдсэндээ аваад явлаа хөөрхий гэж хариу барьжээ.
Түүнийг сонсоод залуу сандран гарч хөглөсөн мориныхоо араас хөөцөлдөж одсон гэх хошин яриа бий. Икл хуурын хоёрхон чавхдсаар аялгуулан харилцан ярилцаж чаддаг ийм хосгүй билэгт ард түмний өв соёл түүх шаштирын сан хөмрөг нь сааршгүй арвин дундаршгүй их дуусашгүй баян ажээ.
Икл хуурын төрөлд дөрвөд баядын олон татлага орсноос дөрвөдийн “Өрөөлт шархал морин” хэмээх ховор сонин татлагаараа миний “хөтөлж аваачсан морь“ буюу Р.Баянмөнх ах маань гарцаагүй магнайллаа. Үүгээр эхний өдрийн наадам өндөрлөв. Хоол цай идэж уугаад бид 20 гаруй км-ын зайтай орших Үүрэг нуур луу хөдөллөө. Үүл хөглөрөн, үес үес салхи үлээж Үүрэг нуур дээгүүр бороо цайрна. Тэртээ баруун хойно хилийн чанадах ”Мөнгөн тайга”-ын орой мөнгөрөн гялалзаж, зүүн хойно зүмбэрлэх “Цагаан шувуут”-ын оргил цаглашгүй ихэмсэгээр ноёлоно.
Асга хад нурах мэт дуу чимээ нүргэлэн нуур түрхэрч, хөөсрөн хуйлрах цагаан давалгаа цалгилан бууж хөвөөгөө цохихдоо хайргатай усаар хөлийг хорстол ороолгох. Ай, юутай гайхамшиг.
Үүрэг нуурын хөвөөнд
Цагаан цагаан гал цахилна
Үүлэн завсрын гэрэл
Цастын зулайд цацарна хэмээн яруу найрагч Баяраа ах маань шүлэглэх…
Нар шингэж намуухан үдэш налайв. Үдшийн цэнгүүн эхэлж ойр орчныг сэргээн ой тайгыг доргион хөгжим нижигнэж, задгай хээрт зассан тайзан дээр олон ястан үндэстэн бүгдээр огшин баярлаж дуулан цэнгэж хөөрөн бүжиглэв. Хөдөөгийн агаарын сайхныг ээ. Хөтлөгч Амараагийн доргиохыг ээ…
Алтан бумбатаа аршааныг
Амы нь дүүрэн байлгыт
Ашид санагсан үйлсийг
Номын ёсоор бүтээгийт…
Уяхан замбуутивийн наран униартагч их дэлхийд илч гэрлээ түгээсээр ертөнцийн нэгэн шинэ өглөө ерөөлөөрөө ирлээ. Нүүдэлчин ахуй нүдний өмнө амилан, манхан атанд тооно ачин тэргүүлсээр мартагдахаа шахсан тэмээн нүүдэл айсуй. Ацаа хөтөлсөн бүсгүйн алчуур нь улаан, тэрлэг нь цэнхэр ажээ. Амдан тосож домботой цай тавагтай идээ барин айлын эхнэр нүүдэл цайлах. Тэмээн ацаа бууж тэнгийн татлага тайлахад арагт бүүвэйлэгдэн ирсэн жаал хүү амгалан нойрсож байлаа.
Наадмын хоёр дахь өдөр ийнхүү нараа дэвсэн эхэлж, улс олон баярынхаа талбайд цугларан хүрээлж утын дууны уянга түрлэг эгшиглэсээр…
Мөнгөн бумбатаа аршааныг
Мөл дүүрэн байлгыт
Мөнкөд санагсан үйлсийг
Номын ёсоор бүтээгийт…
Эрийн гурван наадамдаа хүчит 64 бөх барилдсанаас “ОТ ТУР” ХХК-ны бөх, аймгийн арслан Буянжаргал түрүүлж, “Увс” нуур дэвжээний бөх, аймгийн арслан Мөнхбаяр үзүүрлэж, даага, азарга, их насны морьд уралдан, урианхай сур харваачид эрхийн цэцээ шалгав.
Хөлийн асраас утын дуу шуранхайлж, хөөрөг зөрүүлэн өвгөд маань тамхилах…
Ут сайхан күрэн
Уужмын холд гишхэдэлтээ
Уйдашгоо ах та нарам
Өргөөгөөн дүүрээд үлнэ…
Айраг чигээгээн сөгнөж амттан идээгээн барьж ая тааваараа найрлан жаргах домог мэт өвгөдөө хараад дотроо би тэднийгээ урт наслаарай гэж залбирлаа.
Ардаг баахан шарга нь
Артаа тарган байдаг
Аагадаа кийгсэн чигээгээн
Ах нар тандаан барина…
Найр наадам зохион, настан буурлуудаа цуглуулан сэтгэлийн жаргал эдлүүлж, уул ус лус савдагаа баясгах мөнхүү “хэргийн эздэд” баярлахгүй байхын аргагүй аж. Та нарыг минь бурхан ивээх болтугай.
Наадмын үйл ажиллагааны үед, хоёр өдрийн турш хамгийн их ачаалалтай, хамгийн завгүй байсан хоёр хүн бол хамтран зохион байгуулагчид буюу “МВС” телевизийн захирал Д. Мягмарсүрэн болон “Наараан суутн” нэвтрүүлгийн хөтлөгч редактор, “Ойрад” театрын менежер Ц.Лхагва \МУСТА\ ах байлаа. Ойрадын цогц өв соёлыг сэргээн хадгалж үлдээхийн төлөө гар сэтгэл нэгдэн олон сайхан нэвтрүүлэг бэлтгэн орон даяар түгээн цацаж Монголын өв соёлын сан хөмрөгийг арвижуулан, хувь нэмэрээ оруулж яваа Мийгаа захирал Лхагваа ах хоёрын маань сэтгэл зүтгэл наадмын томоохон тулгуур болж буйг онцлон кэлсү. Мөн “МВС” телевизийн зураглаач Н.Насанбат “бие засах чөлөөнгүй” гэгчээр бичлэг хийн зогсоогоороо өнжиж байлаа…
Хавтай залуучууд хангал булгиулж, малиа тавин эр хүний зориг хийморь авхаалж самбааг гайхуулан наадахад хурсан олон хурайлан дэмжиж уухайлан түрнэ. Мартагдаад дурсагдахаа ч байсан гэх, мань мэт нь төсөөлөх ч үгүй энэхүү малиа тавих наадгайг сэргээн оруулж ирсэн нь олзуурхууштай хэрэг бөгөөд морины хурдлах давхил дунд малгайг онон малиа тавих гэдэг шүүрэхээс хавьгүй төвөгтэй, нэлээн ур чадвар шаардсан амаргүй даваа ажээ. Мөн өсгий даран өсөж буй залгамж халаа өсвөр насны бөхчүүд барилдан хүч мэхээ сорьж, зүс нэг морьдоороо ижилсэн зүйтэй торгон дээлээрээ гоёсон морьтой хос болон ухаант өвгийн ерөөл оршоож уран эмгийн учиг шингээсэн язгуур үндэсний хувцас шалгаруулав. Үүнд манай хоёр (Цэгмэд ах, Номинхүү эгч) дөрвөд дээл хувцасаа өмсөн хэт хутга хөөрөг даалингаа зүүж оролцон дэд байрыг эзлээд авчээ. “Ач ам барьж, зээ зэл алхуулдаг гэж үгтэй юм. Сайн зээ байгаад зэл алхуулав. Жинхэнэ монгол наадам гэдэг чинь энэ” гэж Цэгмэд ах маань жигтэйхэн их баярлаж байлаа.
Ийнхүү үүлэн шүхэртэй тэнгэрийн доор үзэсгэлэнт байгалийн энгэр дээр ойрад цусаа огшоон омогшил цээжиндээ асаан, хурдтай бөхтэй хууртай дуутай хурсан олон цугаараа хувьтай сайхан наадав..
Язгуур өв түүх соёлоо дээдэлж Янжинлхам бурханы мэлмийг баясгасан үүсгэн мөрлөгч Батсүх ахдаа, үгсэн дэмжигч Оюун эгчдээ, халамжлан дагуулагч Лхагва ахдаа, хатамжлан зүтгэгч Мягмарсүрэндээ сайн үйлс бүхэн тань дэлгэрч, санасан хэрэг тань сэтгэлчлэн бүтэж явахын ерөөлийг хамаг монгол түмнийхээ өмнөөс хамтатган өргөе.
Мөн наадмыг зохион байгуулахад нь оролцон тусалж хамтран ажилласан байгууллага, хамт олон, хувь хүмүүст гүнээ талархъя…
Чилэн сайхан хар
Чиний чинь адуунд байдуу
Чилээд суугсан ах нар
Одоо мангадар харийт…
Дөрвөд далай хааны нутаг дөрвөн талдаа дүнхийнэ. Дөтхөн замыг бариад дөрөө мултлаад мордлоо. Аян замын ганзага ашдын билгээр дүүрэн байж арван зүгийн тэнгэр адис хишгээ бүгдэд адил тэгш хайрлах болтугай. Мохошгүй монголын мөхөшгүй их өв соёл дэлхийн энгээр дэлгэрч түгэхийн өлзий хутаг орштугай. Хурай, хурай, хурай.
2014.08.13
Таргад Басангийн Оюунхүү
Recent Comments