ДӨРВӨН ТАЛДАА САНТАЙ ДӨРВӨД ДАЛАЙ ХААНЫ НУТАГТ…

(“ОЙРАД ТҮМЭН” ЯЗГУУР УРЛАГИЙН ОУ-ЫН НААДАМ- 2015)

НЭГ . Өмнөтгөл

2015 оны 8 сарын 3-ны өдөр “Ойрад түмэн “ язгуур урлагийн ОУ-ын наадмын төлөөлөгчид уламжлал ёсоор товлосон өдрөө Увс аймгийн Түргэн сумын Хиргэнэ буюу “Онцын Тасархай” ХХК-ийн “Оршин Тогтнохуй” жуулчны баазад хуран чуулж, 4,5-ны өдрүүдэд наадмынхаа үйл ажиллагааг өргөн дэлгэр зохион байгуулсан билээ.
Монгол туургатныхаа орхигдон мартагдаж буй өв соёл, язгуур урлагийг сэргээн хөгжүүлж өвлүүлэх зорилготой, “Ойрад түмэн” ТББ-аас 9 дахь жилдээ зохион явуулж байгаа уг наадамд ШУӨЗО-ны Баянгол аймгийн төлөөлөгчид, ОХУ-ын Халимагийн БНУ-ын төлөөлөгчид уул уулын чанад, ус голын урт, улс тусгаар нутагаасаа ураг элхэнээ зорин урлаг соёлоо тээн иржээ. Мөн МУ-ын Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас оролцсон чадварлаг ардын авъяастнууд, хүчирхэг өв тээгчид яндашгүй баян язгуур өв сангаасаа бахархалтайгаар өргөн барьсан юм. Ховд аймгаас л гэхэд миний хань бөгөөд “Ойрад түмэн” ТББ-ын “их хүргэн”, АЖ Ж.Чулууны нэрэмжит Алтан гадас одонт Ховд аймгийн ХДТ-ын ерөнхий хормейстр, МХЗХ-ы гишүүн хөгжмийн зохиолч, дуучин МУСТА Халхын Эрхэмбаяр нь баруун монголын алдарт бийч Пүрэв агсаны хүү Сэмбэдорж, баруун монголын нэрт туульч Төрийн соёрхолт Б.Авирмэдийн ач хүү туульч, цуурч Нацагийн Дамдиндорж, Хөхөө Намжил улсын уралдааны тусгай шагналт икэлч Гэлэгийн Хонгороо, торгуудын нэрт бийч Ганга агсаны хүү Цэнд-Аюуш, мянгад уртын дууч агсан Халхын хүү Ганбат зэрэг олон ястан түмнийхээ өнгө сор нь болсон язгуур урлагийн шилдэг өв тээгчдээ шигшин томилж гардан аваачиж гарамгай сайнаар оролцуулан наадмын хүндэт шагнал алтан гэрэгэ, алтан медалиудын эзэд болж амжилт дүүрэн ирсээн тэд. Энэ нь аймгийн засаг дарга бөгөөд баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдангийн дэмжлэгийн ач тус билээ. Учир нь тэр хүн энэхүү наадмын урилга-уриалгыг хүлээн аваад ач холбогдол ихээр өгөн унаа тэрэг бензин шатахууны асуудлыг дор нь шийдэж, наадамд оролцогчдын хоолны зардлыг тус тусынх нь сум орон нутагт нь хариуцуулан явах боломж нөхцлийг бүрдүүлж өгсөнөөр бидний 10 хүн бие сэтгэл тэнүүн зоригтой золбоотой нь аргагүй наадмын урд өдөр буюу 8 сарын 3-ны ургахын улаан нартай уралдан Увс нутгийн зүг хүлгийн жолоо залжээ.
…Зуны сар зуларч намрын сар наашилж байгаа хэдий ч энэ жил хур бороо татмаг өвс ногоо тачир, газрын өнгө гандуу гундуухан аж. Асар майхан алаглан, амьтан олон бужигналдаж машин тэрэг хөлхсөн хөх уулсын хаяа хөвч модны зах, үзэмж төгс үлэмж саруул Хиргэнэ гэдэг хишиг оршоосон дагшин газарт жаргах нартай уралдан биднийг буухад аялалын баазын эзэн, наадмыг санаачлан зохион байгуулж ивээн тэтгэгч Ж.Батсүх болон түүний эхнэр, Октард салон, Божсс косметикийн захирал Ц.Оюун нар бусад хүмүүсийн хамт халуун сэтгэлээр угтан, алд цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сүүг мэлтэлзүүлэн барьсаар зочид төлөөлөгчдийн амар мэндийг айлтган золгож, хөөрөг зөрүүлэн хөгжүүн найрсагаар тавтай морилохыг урьлаа.
Унд хоол ууж идтэл харанхуй ч нөмрөв. Уламжлал ёсоор Ойрадын гал тахих ёслол болж, улс улсаа төлөөлсөн ихэс ахмадууд ёс төрийг үйлдэж ерөөл номоо айлдан магтаал магтуугаа уянгалуулна. Мөнх тэнгэрийн ивээл дор МОНГОЛ түмний санаа тэгш заяа дэлгэр явж, газарт шийрлэсэн гал голомт нь өнөд баясан бадрахыг билэгдэн сэмжинд ороосон цагаан халзан хонины өвчүү толгойг дүрэлзэх галдаа хүндэтгэлтэйгээр өргөв. Галын бурхан ивээж газар тэнгэр баясах болтугай.
…Майхан саваа барьж босгоод мах шөлөө янзалсаар манайхны эрчүүд шөнө нэлээн хэлтийлгэж хажуулцгаажээ хөөрхийс.

ХОЁР. Өрнөл

Гадаад дотоод газар газрын олон хүний хүсэн хүлээдэг ойрад түмний наадам омог сүр төгөлдөр эхэлж, наадамчин олон бахархал дүүрнээр улс орон аймаг сумынхаа туг сүлдийг өргөн жагсаж баярын талбай, төв асрын зүг бардамхан алхацгаав. Өөдөөс бяцхан онгоц нисэн ирж дээгүүр эргэлдэхэд өхөөрдсөн гайхсан олны харц түүн дээр тусав. МВС телевизийн шинээр нэвтрүүлж буй дэвшилтэт техник хэрэгслүүдийн нэг болох эгдүүтэй нисдэг камераар өндөрөөс бичлэг хийсэн нь энэ билээ. Сонимшуулахад 8 сарын сүүлээр Ховд аймгийн Булган суманд болсон. Дэлхийн Торгууд Түмний их баярын шөвгийн дөрвөн бөхийг барилдахад МВС телевизийнхэн дээрээс нь зураг авахаар камераа нисгэсэнд наадамчдын анхаарал түүнд шилжиж, уран мэх ухаан хүч самбаагаа уралдуулан барилдаж байгаа улсын цолтонгуудаа мартаж хоцроход “хэргийн эзэд” санаа зовохдоо олны дундуур түүнийхээ удирдлагыг барин сандарч зүтгэсээр “од” болж буй камераа буулган хатуу хараа хяналтын дор хайрцаг саванд нь хийсэн гэнэ лээ шүү.
…Олон улсын соёлын томоохон үйл ажиллагааны нэг, ардын язгуур урлагийн “Ойрад түмэн” наадмыг ардын авъяастан Оюунхүү би болон ШУӨЗО-ны Баянгол аймгийн жангарч ерөөлч Соёл, Халимагийн БНУ- ын зан үйл судлаач багш Феликс Шорваев нар гурван улсаа төлөөлөн ерөөл билгийн дээдээр ертөнц дахиныг хурайлан ёс төртэйгээр нээлээ. Наадмын эхний өдөр язгуур урлагаар дагнах бөгөөд олон ястан ойрад түмний бүхий л төлөөлөлийн шилдэг өв тээгчид олон зуун жилийн туршид үе дамжин хадгалж хамгаалж ирсэн соёлын өв тууль, ерөөл магтаал, цуур, хөөмий, икэл хуурын татлага, бий биелгээ зэрэг төрлүүдээр оролцож, харилцан таниулж сурталчилсан юм.
Гэрийн ёсноос эхлээд төрийн ёсонд эрхэм хүндтэй байр суурийг эзэлдэг монгол тууль нь монгол ардын аман зохиолын бүхий л төрөл зүйлийг агуулж, угсаатны аман аялгууны онцлогийг хадгалсан уран яруу хэллэгтэй, олон зуун мөр шүлгийн туурвил болох онцгой төрөл билээ. Тэрхүү агуу том туурвилыг аман билгээр уламжилж, тууль хайлах урлагийг бүрэн төгс эзэмшиж ирсэн туулчид гэдэг туулийн цээж сайтай, тусгай авъяастай хүмүүс бөлгөө.
Академич Ц.Дамдинсүрэн “Олонд алдартай үлгэрч туульч нар болбоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан” гэж ончлон хэлжээ.
Энэхүү гавъяатнуудын үргэлжлэл болж агуу гайхамшигт урлагийг өвлөн тээж яваа туульчдаас баруун монголын нэрт туульч,төрийн шагналт Б.Авирмэдийн ач хүү, Ховд аймгийн Дуут сумын Н.Дамдиндорж, Увс аймгийн Ховд сумын туульч И.Төгсөө нар зангарагаараа “толгой цохиж”, Халимагийн БНУ- ын жангарч хөөмийч Басанга Данзан хэмээх нялх үстэй нимгэн зүстэй шөвгөр цагаан хүү харин “толгой дээр цахиур хагалан”, өөрөөс нь гарахын аргагүй өтгөн хүдэр баргил хоолойгоор “Жангар” хайлж, исгэрч, хархирч хөөмийн ид шидийг үзүүлэн олныг гайхшруулав. “Энэ чөргөр хүүгээс ийм авъяас, ийм ер бусын дуу хоолой гардаг аа бас? Хоолойндоо тусгай төхөөрөмж суулгачихна гэж баймааргүй…” хэмээн толгой сэгсэрцгээх.
…Хаан уулсын хад хавцлын салхи, харгилах гол усны дуу чимээг дүрсэлсэн тэнгэрлэг монгол урлаг бол хөөмий билээ. Тэртээ 400 гаруй жилийн өмнө Тэнгэр уул, Алтай нутагаасаа нүүн одож, Ижил мөрний хөндий их тал нутаг, бөртийх уулгүй нам дор газар идээшин амьдарч өдий хүрсэн Халимаг монгол ахан дүүсийн цусанд уулсынх нь дуу авиа ийнхүү урт удаанаар удамшин оршсоор л байх ажээ. Аргагүй л Алтайн уулсын хөг эгшиг дуурсах шиг. Хүн байгалийн хүйн холбоо хичнээн бат бэх нарийн нандин хийгээд монгол хүний генийн удамшин хадгалагдах тэсвэр чадвар ямархан өндөр болох нь гайхалтай. Баяртай байна аа бидэн. Ертөнцөөр нэг монгол овогтны тал тасархай, Европ тив дахь цорын ганц буддын шашинт Халимагийн БНУ-ын иргэн Басанга Данзан гэдэг бага жаахан хүүгээр бахархахгүй байхын арга даан ч алга МОНГОЛЧУУД АА!
Энэхүү наадмын хамгийн гоц содон оролцогч тэр хүү бол яс цусны авъяастай яахын аргагүй МОНГОЛ ХҮҮ байлаа.
Орос улсын мэдэлд олон зуун жил болохдоо хэлмэгдэл хавчилганд өртөн хэл соёлоо гээж хэцүү бэрхийг туулж ирсэн ч өрх тусгаарласан өнөөгийн гэрэлт нийгэмд өөрийн гэсэн бүхнээ эргүүлэн олж авах, үндэстнийхээ бахархлыг сэргээх, бүтээж босгох гэж хичээж чармайж байгаа “үсэрсэн цусан тасарсан махан” халимаг түмний үр сад, Баатар ахлагчтай ардын дуу хөгжмийн “Ерөөл” хамтлагийн тоглолт наадамчдын сэтгэлийг дэврээн зүрхийг хөөргөв.
Элээ хэвтээ эргээд од
Элсэн хэвтээ гулдраад од
Хур хэвтээ хуралзаад од
Хулсан хэвтээ яралзаад од… гээд л товшуур домборын аянд товолзтол
дуулж товшин товшин бийлэхэд нь тойрон багширсан олон алга нижигнүүлэн ташсаар л, ахин дахин дахиулсаар л…
Муу чоно борооноор гэгчээр манай монголчууд л хойно өлөн нүдэлж өөдгүй муу шинж гарган энэ хооронд саях хамтлагийн дуучин хөгжимчин Дэлгэр гэдэг турьхан охины сандал дээр орхисон гар цүнхийг нь “гулсуулаад” амжжээ. Аз болоход анхаарч харсан хүн тэднийг илчлэн азгүй “туулайнууд” арчаагүй царайлан авсан юмаа авч ирж өгөөд арилсан гэнэ.
…Түүхэнд мөнхөрч дэлхийд гайхагдан тив алсалсан домогт нүүдэлчдийн үр хойч,
Хэл бичгээ гээлгүй
Хэв журмаа алдалгүй
Өвөг дээдсийнхээ гал голомтыг сахин
Өв соёл ёс заншлаа өнөөг хүртэл тээж
“Савардан” бийгээ бийлж
“Сав их ертөнц”-өө уянгалуулж
Икэл товшуурынхаа хөгийг алдруулал үгүй
Их Жангар туулиа тасрал үгүй хайлсаар ирсэн ШУӨЗО-ы ойрадуудын нэгээхэн хэсэг, Баянголын Монгол өөртөө засах тойргийн торгууд хошуудын төлөөлөл жангарч ерөөлч Мандала, магтаалч ерөөлч Соёл болон уртын дууч Ренчараа, Үзмээ, ардын дууч Дэлгэр нарын дуулсан дуу, хайлсан тууль, аялгуулан хэлсэн аман ерөөл билэг дэмбэрэлийн үг, алхаа гишгээ донж намба, дээл хувцасных өнгө сүр, хээ хуар, оёдол ур болон шүр сувд, мөнгөн чимэг зүүлт сэлтийнх нь орц хэмжээ, хийц маяг бүгд л үзэмж зохистойгоор бултын нүдэнд содон тусч сонирхлыг ихээр татсан юм.
Наадмын үзэмж чимэг, үзүүлэх сургууль, үлгэр жишээ болж Ойрадын алдарт бийч МУАЖ Р.Самжид, хөөмийч МУГЖ Тойвгоо, дуучин МУГЖ М.Жаргал, ахмад бийч МУСТА Ү.Зинаамидэр, уртын дууч Ш.Аюуш, То.Намсрай нарын 70-80 гарсан настай ахмад буурлууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн гандан бууршгүй авъяас билгээрээ олны бахархал төрүүлж талархал хүлээв.
Баруун монголын алдарт бийч Пүрэв агсаны хүү Сэмбэдорж, МУСТА бийч А.Чулуун, Цэнд-аюуш, баядын нэрт икэлч Л.Цэзэн, захчны икэлч МУСТА Г.Хонгороо, икэлч И.Нэргүй, уртын дууч Ш.Батсүх, н.Дарь, Х.Ганбат, ерөөлч магтаалч хөөмийч н.Лхагва, ерөөлч магтаалч Я.Сайнбилэг, ерөөлч МУСТА Б.Жимс, н.Мундааж, магтаалч Ч.Батбаатар, ШУӨЗО-ны Баянгол аймгийн жангарч ерөөлч Мандала, ерөөлч магтаалч Соёл, туульч Н.Дамдиндорж, И.Төгсөө, , Халимагийн БНУ- ын жангарч хөөмийч Басанга Данзан зэргийн голлох байр суурь бүхий өв тээгчдээр манлайлуулсан ардын авъяастнууд, залгамж халаа болсон залуу үеэчүүл хүүхэд багачууд идэвх зүтгэлтэйгээр наадмаа өргөн дэлгэр өрнүүлж, торгуудын “Эрээн хавирга”, урианхайн “Мөргөл”, хотонгийн “Их татлага “, захчны “Хөдөлмөр”, баядын “Елкэндэг “, дөрвөдийн “Цацал “ зэрэг угсаатан тус бүрийн онцлог зан үйлийг харуулсан бий биелгээнүүд, “Өнчин хөвүүнээ татлага”, “Таван хасаг”, “Үен улаан цар”, “Бээжин шарын явдал”, “Өрөөлт шархал”, “Балчин хээр”, “Ээвэн голын урсгал”, “Дөрвөн ойрадын уриа” зэрэг домог түүхийг өгүүлсэн болон адуу мал адгуус амьтны алхаа гишгээ явдал, дуу авиаг илэрхийлсэн икэл хуурын татлагууд, “Жангар”, “Дань хүрэл”, “Довон хар бөх”, “Ариг цагаан өвгөн” зэрэг эр зоригийн эгнэшгүй баатарлаг туульс, “Аргамагийн байдалтай алиа нүдэн хээр”, “Дардгай цээжтэй хүрэн”, “Өндөр алтайн шил”, “Униартагч их алтай”, “Цомбон цоохор хайрцаг” зэрэг аргамаг сайн хүлэг морь алтай хангай нутаг усаа магтсан, аав ээжийн ачлал хайрыг бахадсан аж байдлын сэдэвтэй олон сайхан уртын дуу, мөн алтайн цэнхэр салхи, гол усны чимээ, шувуудын жиргээ зэрэг байгалийн аялгууг дүрсэлсэн цуурын аяз, хөөмийн эгшгүүд, “Алтайн магтаал”, Таван хошуу малын магтаал”, “Гэрийн ерөөл”, “Хуримын ерөөл” гэх мэтчилэн язгуур урлагийн маш олон бүтээлүүдийг ур чадвар авъяас билгээ дайчлан үзүүлсэн юм. Ерөөл магтаалын хувьд ерөнхийдөө халхжиж, үг хэллэг нь үндсэн язгуураасаа нэлээд холдон орчин үежиж яваа мэт ажиглагдсан шүү.
Тэрчлэн бийгийн сайнаар биеэ зайлж, хоолойн сайхнаар хотлыг уяраан, ерөөл магтаалаараа ертөнцийг цалгиаж, икэл товшуур исгэрээ хөөмийгөөрөө их уулсаа бүүвэйлсээр ойрад түмний язгуур урлагийн наадам эхний өдөртөө өндөрлөв.
Үдэш нь галын наадам боллоо. Байгаль дэлхийг сэртэл байн байн салют хэмээгч задардаг гэрэл буудуулаад л…Шөнийн тэнгэрт түмэн өнгийн гэрэл түгэн цацарсанаа замхран шингэж төд удалгүй дахин задарч дэлгэрээд л…Хөнгөн хөгжмийн хангинах дуу хөндий дүүрэн дуурсаж хөөрөн догдлох олны дунд 65 настай Хонгороо эгч маань хүртэл хүүхэд шиг баярлан хөл нь газар хүрэхгүй дэвхцэж харагдах.
Галаа тахиж өв-өө хөгжөөсөнд газар лус тэнгэр хурмаст баясан ган тайлж бороо оров.Гадаа ямар сайхан юм бэ…

ГУРАВ. Өргөтгөл

…Атан улаан тэмээдээ
Ачаад нүүдэг л
Аргал янгиртай уулаа
Түшээд нүүдэг л
Хоо улаан тэмээдээ
Хомнаад нүүдэг л
Хой малын бэлчээрээ
Дахаад нүүдэг л…
Энэхүү наадмын бас нэгэн содон сонин чимэг нь тэмээн нүүдэл юм. Тэмээгээр нүүх байтугай машинаар шээдэг болсон өнөө цагт тэмээн нүүдэл гэдэг гадны жуулчдад байтугай гарсан төрсөн бидэнд гайхууштай зүйл болж үлдэж байгаа билээ.
Монгол зан үйл ёс заншил, нүүдэлчин түмний ахуйн өв соёлыг мөн сэргээн авч үлдэх зорилго дор арьс хөрс шир суран эдлэл, дээс ноосон урлал, дээл хувцасний үндэсний хэв маяг хэлбэр хийцийг ч шалгаруулан урамшуулахын зэрэгцээ морь булгиулах, малиа тавих, морьтой хос шалгаруулах тэмцээнийг наадмын 2 дахь өдөр буюу 8 сарын 5-нд эрийн гурван наадамтайгаа хавсран явуулдаг уламжлалынхаа дагуу ёсчлон гүйцэтгэж, хүчит бөхөө барилдуулан, хүлэг морьдоо уралдуулан, хөвчит нумаа эвшээлгэн хийморьтой сайхан наадав. Урд жилүүдэд азарга, их нас, даага гэсэн гурван насны морьдыг уралдуулдаг байсан бол энэ жил соёолонг нэмж оруулан бай шагналыг нь Увс аймгийн Батлан Хамгаалах Туслах Нийгэмлэгээс олгосон юм билээ.
Хаа тэртээ 6000 км-ын цаанаас халимаг шинжаангийн ахан дүүс элгэн садан өв соёлоо гээд ирчихсэн байхад хажуу хаяанд нь байгаа Увс аймгийн удирдлага, боловсрол соёлын газар нь, мөн Түргэн сумын засаг захиргааныхан ач холбогдол өгөх нь битгий хэл аль нэг нь бараагаа харуулж сурагаа ч сонсгосонгүй. Монголчууд эвтэй бол хүчтэй гэдэгсэн. Гэвч гэгээн үйлсийн гэрлээс гэдийж цахалж зугатсан үг ойлгодоггүй, үнэнийг ялгадаггүй, харалган үзэл бодолтой дарга нараар харин ч нэг дутахгүйн учир хүний ухамсар сэтгэхүйн хүрээ, хүсэл зоригийнх нь цараа , хүрэх газрынх нь бариа газар тэнгэр шиг ялгаатай тул гайхах хэрэггүй бизээ.
Сайн зүйлд садаа мундахгүйн үлгэрээр тус сумын зүгээс асар майхан авч ирж наадмын талбайд татна гэж ам гарсым байх тэд, алга болсым байх. Апуртур яригчаар ч бас туслана гэсийм байх тэд, ажил баллахаа шахаж амь тэмцүүлсийм байх.
Нутаг дэвсгэр дээр нь нутгийнх нь хүүхэд наадам зохион байгуулж, монгол түмний урлагийн өв соёлыг хамгаалж дэлгэрүүлэх үйлсэд хамаг бүхнээ харамгүй зориулан зүтгэж явахад сайны хажуугаар саар гэгчээр овилголгүй зантай согтуу нөхөр ирээд олон түмнийг үймүүлэн агсам тавьж хэрүүл шуугиан дэгдээн хэнхдэг цээжээ балбасан нь тус сумын засаг ноён гэнэ лээ. Харин наадмын хоёр дахь өдөр хавь ойроор харагдаж үзэгдээгүй хатагтай ноёдууд асар, тайз хавиар чихэлдэн, хонь ачсан портерууд хоёр гурваараа ирж зогссон нь Түргэн сумын түмэн олны тэргүүлэгчид, сум баг, албан байгууллагын дарга цэрэг төлөөлөгчид ажээ. Сайндаа ч тэд ирээгүй юм санж. Шинэ начиндаа зориулан баяр хийхээр бэлэн газарт бэлэг сэлтээ ачин ирсэн нь тэр юмсанж.
Төрийнхөө алтан сүлдний ивээл дор монгол бөхийн босоо цагаан хийморийг өргөн, ус нутгийнхаа нэрийг дуудуулж, улс олныхоо бахархлыг хүлээсэн Увс аймгийн Түргэн сумын харъяат МУ-ын начин Д.Энхбаяр гэдэг тэгш дүүрэн бор залуугийн мялаалгын баярыг төрсөн нутаг Түргэн сумын удирдлагууд Ойрад түмэн ОУ-ын наадам дээр оройхон гарч ирээд ширүүхэн тэмдэглэсэн нь хөндлөнгийн олны нүдэнд хөөрхийлөлтэй ч, бас ичгүүргүй ч. Хүний юмаар хүүдэгнэнэ гэдэг болов уу яав?…
Наадмын хамгийн шилдэг оролцогч хамт олноор Увс аймгийн Ховд сумын улсын тэргүүний соёлын төвийн баг бүрэлдэхүүн шалгарав. Тэд хамтын зохион байгуулалт, хамтлаг бэлтгэл сайтай өнгөлөг байсаан. Улсын тэргүүн тийм байхаас ч яахав.
Ойрад театрын жүжгийн ангийн багш, МУСТА Т.Тодхүү нь ойр холын олон зочид гийчид жуулчид сонирхогчид хуран чуулж бууршгүй жаргалын буянаар бялхан сааршгүй цэнгэлийн саваар цалгисан наадмын бүхий л үйл ажиллагааг хоёр өдрийн турш бүртгэхээс авахуулан бүрэн төгс хөтлөн явуулж хөглөн хөгсөөсөн билээ. Харин Д.Пүрэвжав гэдэг тод хэллэгтэй тослог хоолойтой махлаг улаан шар залуу бөхийн барилдааныг тайлбарласаан.

ДӨРӨВ. Өндөрлөл

Энэ жилийн наадамтай уялдуулан нэгэн томоохон ажлыг зохиосон нь түүх соёл, хэл бичиг судлалын “Тод Номын Гэрэл Төв”-ийн санаачлагаар ОУ-ын ЖАНГАР судлаачдын эрдэм шинжилгээний 3-р бага хурлыг Увс аймгийн Улаангом хот, Түргэн сумын Үүрэг нуур, Хиргэнэ гэсэн гурван газарт өртөөлөн зохион байгуулж, Орос Монгол Хятадын 35 эрдэмтэн судлаачид оролцон илтгэл тавьж, харилцан санал дүгнэлтээ солилцсон нь ОЙРАД судлалын асуудлын олон зүйл дээр ололтыг дагуулсан үр дүнтэй үйл хэрэг болсон бөгөөд чухамдаа ”Ойрад түмэн” язгуур урлагийн ОУ-ын наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, ач холбогдлоор дүүрэн байгааг харуулж чадлаа.
Ийнхүү ДӨРВӨН ТАЛДАА САНТАЙ ДӨРВӨД ДАЛАЙ ХААНЫ НУТАГТ дөрвөн зүг найман зовхисоос дөрөө мултлан буусан
Ойрад түмний үр сад
Олон ястан угсаатан
Хэл соёлоо тодлон
Хэлхээ холбоогоо батлан
Ёс заншлаа сэргээн
Ерөөл билгээ дэлгэрүүлэн
Хархираан уулсыг ханартал
Хад чулууг уяртал
Түргэний уулсыг өндөлзтөл
Түүхийн улбааг тодортол
Нарыг аргамжиж
Насаа уртасгаж
Наадан цэнгэж
Найрсан жаргав аа..
Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр SCH, MBC телевизүүд ажиллан, наадмын үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр тусгасан 5 цуврал киног дэлхий нийтэд түгээн цацаж байгаа билээ. Хойтон жилийн хонин сарын хотол баясгалант учрал төгс өдрүүдэд уламжлалт наадмын 10 жилийн ой тохионо.

2015.11.18

Таргад овогт Басангийн Оюунхүү