А.ГАН-ЭРДЭНЭ: ҮНЭТ ӨВ
Шүтээн
Он цагийн урт, төр нийгмийн хахир хатууг давсан нандин шүтээн найдвартай хадгалалт хамгаалалтад орлоо.
Бурхны шашны дээдэс лам нарыг таалал болсны хойно тэдний ариун шарилыг галаар хайлдаг уламжлалтай. Энэ дагууд хайлж чандарлан үйлдсэн ”ариун үлдэс”-ээр нь жижиг сац, хуврагууд хийж хойтын буяныг нь цаглашгүй ихээр үйлджээ. Энэхүү сац суварга буюу ”ариун үлдэс”, ”ариун цогцос” нь бодитой оршсон шүтээнийг монголчууд ”амьд шүтээн” хэмээн эрхэмлэн тахидаг уламжлалтай байсан юм. Тэр үеийн Ойрд Монгол нь өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрээс ч өргөн уудам, хүн ам олонтой баян хүчирхэг байсан учир Зая бандида Намхайжамцын хойтын буянд зориулж, суварга, шүтээн олныг бүтээжээ.
Дурсгал
Зая бандидын өв дунд өөрийнх нь зохиосон тод үсгийн дурсгал бас багтжээ.
Өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотын Хааны ордон музейд нэг мөнгөн шармал хөрөг шүтээн байгаа бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, профессор Ж.Цолоо нэгэн шүтээнийг Богд хааны ордон музейд үүрд хадгалуулахаар өгсөн ажээ.
Энэхүү шүтээн нь одоогийн Ховд аймгийн Манхан, Үенч, Алтай сумдын нутгаар амьдарч байсан Захчин гурван хошууны нандин шүтээн буюу Зая бандидагийн жасын малчин ардын 300 гаруй жил хадгалж ирсэн шүтээн бөгөөд 1963 онд Захчны хийдийн зурхайч лам Жуурайн Ванчиг, Түвдэн нар тэр үедээ Хэл зохиолын хүрээлэнд ажиллаж, тод үсгийн ном судар, шашны түүх сонирхож байсан нутгийн хүү Жавзаны Цолоод энэхүү эд өлгийн зүйлс, шүтээн, ном судрыг өгсөн бөгөөд дээдсийн зарлиг захиасын дагууд 50 жил тахил тавиг, зул хүж, номын дууг нь таслалгүй гэр бүл ах дүүс хүй элгэнээрээ шүтэж иржээ.
Доктор, профессор Ж.Цолоо 2014 оны нэгдүгээр сард Богд хааны ордон музейд өөрийн биеэр уг шүтээнийг хүлээлгэн өгч, Богд хааны ордон музейн Өвлийн ордны хоёр давхарт Өндөр гэгээний навс шүтээнтэй ойр дөт үеийн үед, олон түмэнд ил нээлттэй залах хүсэлт гаргасан байна. Мөн жил бүрийн цагаан сарын шинийн 15-ны морин цагт буюу 11 цаг 40 минутад тахил тавиг, зул хүж, арц хүж уугиулж, сан даллага авхуулж байхаар хүссэн гэнэ. Энэ дагууд 2014 оны хоёрдугаар сарын 14-ий 11 цаг 40 минутад нээлтийн ёслол хийх болох юм байна.
Равжамба Зая бандид Намхайжамц
(1599-1662)
Зая бандид Намхайжамц бол XVII зууны үед амьдарч байсан Монголын түүхэн дэх алдарт шашны зүтгэлтэн болно. Түүнийг судар бичигт “Огторгуйн далай” хэмээн тэмдэглэсэн байдаг. Зая бандида нь хошууд яст, Гөрөөчин отгийн хүн бөгөөд түүний өвөг нь Дөрвөн Ойрадын их цэцэнд алдаршсан Хүнгүй Заяач юм. Хүнгүй Заяачийн хүү Баабхан нь найман хүүхэдтэй бөгөөд түүний тавдугаар хөвүүн нь Намхайжамц ажээ. Цэцэн ханы ноён Байбагас тэргүүлэн Дөрвөн Ойрадын ноёд бүгдээр “Нижгээд хөвүүнээ банди болгоё” гэж ам авалцсан бөгөөд Байбагас баатар ноён миний үрийн төлөөд банди бол хэмээсэнд, арван долоотойдоо Манзушри хутагтаас банди болсон байна. 1617 онд Төвдөд хүрч суралцаж Лхасын гүн ухааны сургуульд орж билиг чанарын ухаанаар гүнзгийрч Лхасын Их зуугийн хурлын үеэр гүн ухааны эрдмээр дамжаа барьж Зуугийн Равжамба хэмээх номын өндөр зэрэг хүртсэнийг харуулж буй. Тэрээр 22 жил суралцан ажиллаж, 1638 онд IV Богд Ванчин эрдэнэ ба V Далай ламын эш зарлигаар Төвдөөс мордож Ойрад нутгийг зүглэн ирээд шарын шашныг дэлгэрүүлэхийн төлөө Хөх нуур, Зүүнгар, Ижил Зайг багтаасан дөрвөн Ойрадын бүх нутгаар аялан явжээ. Тухайлбал, Засагт хан Сувади Улабуу Санжин хэмээх элчийг илгээж Зая бандида хутагтад заллага айлтгажээ. Хутагт эл заллагыг хүлээн аваад луу жил морилжээ. Тэндээс Түшээт хан Гомбо, Махасамади хан Шолой урин залжээ. Эдгээр ноёдыг дээдийн номоор тэтгэж, хувьтнуудад цагаан номыг хөтөлж, Халх долоон хошууны гурван их ханы лам болжээ хэмээн тэмдэглэсэн байдаг. 1650 онд Төвд зүг аялан Далай лам, Ванчинбогдын санд үлэмж их өглөг өргөсөн бөгөөд 1662 онд дахин Төвд зүг аялах замдаа Хөх нуурт таалал төгсчээ.
Зая бандида хутагт ийнхүү Халх долоон хошуу, Ойрад түмний их багш оройн титэм болоод Богд Зонховын гэгээн сургаалыг монгол хэлтэнд мэдүүлэх, тэр сургаал номлолыг чинагш дэлгэрүүлэхэд, бас энэ сургаал номлолоор нэгдэн нягтрах зэрэгт тус болохын тухайтад 1648 онд нийт монголчуудад хэрэглэж болох шинэ үсэг зохиогоод түүнээ “тод үсэг” хэмээн нэрлэжээ.
Зая бандидын шинээр зохиосон тод үсэг нь Энэтхэг, Төвд зэрэг номт улсын хэлнээс аливаа ном зохиолыг орчуулахад нэн тохиромжтой бөгөөд Энэтхэгийн арван зургаан эгшиг, гучин зургаан гийгүүлэгч, төвдийн гучин үсгийг тус бүр тэмдэглэх тод монгол галиг үсгийг зохиож орчуулгадаа хэрэглэсэн байна.
Зая Бандидын дэргэд монгол, төвд үсэгтэй олон сайн бичээч байж, Зая бандидыг Төвд эхээс ном хараад дуудан уншихад дэргэдийн их хурдан бичээчид тэр дор нь үнсэн самбарт бичиж аваад, дараа нь бас нэгэн бичээч цаасанд хуулан бичдэг байна. Түүний орчуулга гараар дамжин салгагдсаар Ойрад түмний дунд ихээхэн тархсан ажээ. Зая бандидын өөрийнх нь орчуулсан 177 ном, бас Даржаа гавж, хэлмэрч Сойвон (Раднабадраа) нарын орчуулсан 37 ном буй. Раднабадраа багшийгаа нас барсны дараа бараг гучаад жилийн дараа “Сарны гэрэл” намтрыг бичсэн байна.
Зая Бандид Намхайжамц бол XVII зууны Монголын түүх, шарын шашны үйлсэд аугаа их зүтгэл гаргасан хүн юм. Иймээс Зая бандидын намтар түүхийг судлах нь XVII зууны Монголын түүх, шашин соёлын судлалд чухал ач холбогдолтой бөгөөд Зая бандидын судлал үүсээд зуу гаруй жилийн нүүр үзсэн боловч түүний намтар түүхийн судлал нэлээд хугацаагаар зогсонгуйрсан байдалд орсон хэмээн БНХАУ-ын Төвийн Үндэсний их сургуулийн багш, доктор, профессор М.Эрдэмт үзжээ.
1662 онд Зая бандид таалал төгсмөгц түүний шавь нар хийгээд Төвдийн талынхан Зая бандидын хойд буяны үйл хийхийн зэрэг бас түүний шүтээн хөргийг бүтээхээр болжээ. Далай ламаас “Номын тусад нууц хураангуй ямандаг, Майдарын бие, лам нарын биесийг босго” хэмээн зарлиг болгосонд Зая бандидын шүтээн хөрөг үйлдэх ажлыг таалал төгссөнийх нь дараахан Төвдөд очсон Их Хүрээний шавь нар дуртгасан бөгөөд Далай ламын зөвшөөрлийг олжээ. “Сарны гэрэл”-д тэмдэглэснээр Зая бандидын шүтээнийг босгосон тухай “та шавь нар Монголд гарган үргэлж хадгалан тахиж явах тохой дүрс давтан үйлдэж босговол сайн хэмээн зарлиг буулгасанд шүтээнийг гурван зуун лангаар босгов. Тэднийг үйлдэгч нь Мүнидарма, Ашмин, Зэйдана тэргүүтэн арван зургаан Балбаар босгуулав. Гомон лам Агваанбалжир, Лувсан гавж, хэлмэрч Дайчин Нансо, Үйзэн Нансо, Эрх лам Лувсангидэн гэлэн тэргүүлэн сайтар хичээн захирч хоёр сард сайтар бүтээн Нүүрсэн тэргүүлэн аль хэрэгтэйг сангаас соёрхсон буй” гэжээ.
Зая бандидыг жанч халсны дараа Далай ламын зарлигаар түүний хөргийг тохой урт хэмжээтэй гурван зуун лан цагаан мөнгөөр Мүнидарма, Амшин, Зэйдана, тэргүүтэй арван зургаан балба бүтээн Төвдийн талаас Гомон лам Агваанбалжир, Лувсан гавж, хэлмэрч Дайчин Нансо, Үйзэн Нансо, Эрх лам Лувсангэдэн гэлэн тэргүүтэй хүмүүс хянаж хоёр сарын хугацаанд бүтээжээ. Шүтээнийг бүтээхэд Далай ламын сангаас нүүрс, бурхны шарил, Зонхов тэргүүтэн богдуудын хувцас, үснир, солонго үрэл тэргүүлэн үрлийн зүйлүүд хийгээд тогтоол тарни, Базарсад тэргүүтэн тогтоолын зүйлүүдийг соёрхон, тарианы зүйл, эдийн зүйлүүдийг сайтар цуглуулж Зая бандидын шүтээн хөргүүдийн дотор зай оруулж 1663 оны зуны дунд сард шүтээнийг амилуулжээ. Шүтээнийг амилуулсаны дараа V Далай ламын зарлигаар шүтээнийг түүний дэргэд гурав хоног тавьжээ. V Далай лам шүтээнд “дээд цагаан охь” хэмээх долоон бадаг ерөөлийн үг соёрхжээ.
Туулай жил буюу 1663 оны зун шүтээнийг Лхасаас залж Хөх нуурын хажирт ирж ирж тэнд хэсэг хугацаанд байжээ. Тус жилийн намрын тэргүүн сарын шинэдээр Зүүнгарын Цагаан усанд хүргэж ирж залжээ.
Бээжингийн Ло Вэн Хуа “Хааны ордон” музейд 34 см өндөр алтадсан зэс хөрөг байдаг. Энэ хөргийг хэзээ хэн бүтээсэн болон яаж Бээжингийн хааны ордонд ирсэн нь тодорхойгүй байна.
Үндэстний Тойм сэтгүүл № 6(209)