“Ойрад түмэн” ТББ, МВС телевизийн санаачилгаар 2014 оны 9 сарын 15 өдрөөс 10 сарын 15-ыг хүртэл 1 сарын хугацаанд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элстэй хот хүртэл түүх, соёлын судалгаа хамтын ажилгааны Олон улсын экспедицийг зохион байгуулах гэж байна. Энэ экспедицийн зорилго нь 1604 оноос баруун монголчууд буюу Ойрадууд Оросын Ижил мөрөн хүртэлх их нүүдлийг эхлүүлсэн байдаг бөгөөд энэхүү их нүүдлийн жимээр аялаж судалаагний ажил хийх, баримтат кино, аян замын тэмдэглэл цуврал нэвтрүүлэг, судалгаа, аян замын тэмдэглэл цуврал номуудыг гаргаж олон нийтэд сурталчилах зорилготой юм. Энэхүү аялалд 6 жийп машинаар нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй явах бөгөөд аялалын бүрэлдэхүүнд Халимагийн талаас 8 хүн, Хятадын ШУӨЗОроноос 2 хүн, Монголоос 15 хүний бүрэлдэхүүнэй баг 2 талдаа нийт 14500 км замыг Монгол, Орос, Казакстаны нутагаар туулах юм.

Энэ экспедицийн хамтран зохион байгуулагчаар ОХУ-ын Халимагийн Аялал Жуулчлал, Спорт, Залуучуудын Яам, “Онцын тасархай” ХХК, Хамтран оролцох байгуулагаар Монголын Соёл,Спорт, Аялал жуулчлалын Яам, Халимагийн Соёлын Яам, ОХУ-ын Россия-2 телевиз, МҮОНТелевиз, ШУӨЗО Баянгол аймгийн “Баянгол монгол” телевиз, Халимагийн ШУ Академи, Халимагийн Үндэсний Их Сургууль, Монголын “Ойрад судлалын Нийгэмлэг, Хятадын ШУӨЗО-ны Ойрад судлалын нийгэмлэг, Монголын Түүхийн Хүрээлэн, Торгуудын Холбоо, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудын Засаг даргын Тамгын Газрууд оролцох юм.