XX ЗУУНЫ БАРУУН МОНГОЛЫН ДОМОГТ ХӨВГҮҮД
1912 онд Баруун хязгаарын ард түмний түүхэнд эргэлт гэж нэрлэмээр олон зүйл тохиожээ. 1912 оны зуны эхэн сард Ховдын хязгаарын гурван хошуу Богд хаант Монгол улсдаа нэгдэхээр өргөдөл хүсэлт илгээж байсан бол 7-р сард Ховд хотыг Манж, Хятадаас чөлөлөх дайныг эхлүүлсэн билээ. Манжийн талхидалаас хагацан салахыг уриалсан Жа лам хэмээх Догшин хутагт Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар нарын уриалгыг Дөрвөд, Баяд, Урианхай, Торгууд, Захчин, Өөлд бүгдээр хүлээн авч түрэн босож Манжийн 150 гаруй жилийн талхидал, дарангуйлалыг халсан түүхтэй. Ховд хотыг бүслэн хааж, Алтайн цаанаас байнга нэмэгдэн ирсэн Хятад цэрэгтэй тулалдсан энэ байлдаанд 3000 гаруй цэрэг эрс оролцсон юм. Доор намтрыг нь товч бичиж буй баатар эрсээс гадна заавал дурдах ёстой хүмүүс бий. Энд нэрлэж буй баатрууд чин зориг үзүүлж цэрэг захирч гарамгай амжилт гаргаж байсан бол зарим нь алтан амиа өргөсөн баатар юм. Үүнд – Дөрвөдийн Зоригт ханы хошууны мэйрэн Баатар, бэйс Аюурзана, – Баядын Ерөөлт засгийн хошууны мэйрэн Нацаг, – Дөрвөдийн Далай ханы хошууны тайж Түмэнбадам-Аюурзана, мэйрэн Дагдан, занги Нацагдорж, цэрэг Хөхөлдэй, – Баядын дайчин засгийн хошууны Засаг, ван Самданжамцой, залан Эбэй, занги Түвширэх, – Баядын Жонон засгийн хошууны занги Надмид, Үйзэн засгийн хошууны залан Бүргэд, Саруул засгийн хошууны тайж Парчин, Сэцэн засгийн хошууны мэйрэн Очир, Эрдэнэ засгийн хошууны занги Мөхөлдөг, Эетэй засгийн хошууны мэйрэн Даваа нарыг онцгойлон нэрлэе. Улиастай, Хүрээнд суух Манжийн амбан Монголчуудад бууж өгч нутаг руугаа хөөгдсөн тэр үед ганцхан Ховдод суугаа Манж амбан бууж өгөх нь байтугай “сайн дураар бууж өгч Монгол нутагаас явах”-ыг шаардахаар очсон Торгуудын Төмөржин ноёныг эрүүдэн хороож, гарцаагүй дайн тулаанаар шийдвэрлэх арга замгүй байдалд хүргэсэн билээ. Ийнхүү 1912 оны зуны эхэн сараас эхлэн Ховдын дайн эхэлж, намрын эхэн сард шийдвэрлэх тулалдаан болсон түүхтэй. Баруун Монголын ард олныг өөрийн биеэр үлгэрлэн дагуулсан ноёдуудыг товч танилцуулъя. ҮНЭН СҮСЭГТ ЗОРИГТ ХАН СОДНОМЖАНЦОЙ Дөрвөдийн хошой чин ван Гомбожавын ахмад хүү, тэрбээр 1880 онд төржээ. Зургаан настайдаа эцгээ залгамжилж 1686 онд Засаг, хошой чин вангийн хэргэм зэргийг хүртжээ. Хар багаасаа төрийн хэрэгт суралцсан тэрбээр 1925 он хүртэл хошууг захирч явжээ. Түүний үед Улаангомын Дэчинравжаалин хийдэд шинэ дацангууд нээгдэж, хүрээ хийд өргөжин тэлж байжээ. Мөн энэ үед хошууны хүн ам өсөж 12 сумтай болов. 1912 онд Богд хаант Монгол улсад харъяат чуулганы бусад гурван хошууны хамтаар дагаж орох өргөдөл гаргасан тул Үнэн Зоригт хан цол, ханы хэргэм хүртээжээ. 1912онд Ховд хотыг Манжуудаас чөлөөлөх тэмцэлд өөрийн хошуунаас 500 шахам цэрэг удирдан оролцсон төдийгүй өөрийн биеэр хүчин зүтгэж Богд хаанаас хүрэн жолоо, шар торгон өргөмжлөл хүртэж байжээ. Содномжанцой 1912 онд Зоригт ханы хэргэм хүртэж байхдаа 32 настай байжээ. Дөрвөдийн хоёр чуулганы хамтарсан их хурал 1921 оны 7-8-р сард хоёр хошууны зааг нутгийн ойролцоо одоогийн Түргэн сумын нутаг Мөстийн бэлчир хэмээх газар хуралдаж, Баруун Монголын ардын засгийн газрыг байгуулахад Зоригт хан Содномжанцой тус засгийн газрын дэд сайдаар тохоогдож байжээ. 1911-12, 1921 оны хувьсгалын үед эх нутгаа харийн цэргээс чөлөөлөх үйлсэд бие сэтгэл, эд хөрөнгөөр хүчин зүтгэж, мөн Чуулган, аймгийг толгойлон удирдаж ирсэн Содномжамцой ханыг судлаж түүхэнд эзлэх байр суурийг нь зохих ёсоор эзлүүлэх ёстой. ХАРЛАГ БЭЙС АЮУРЗАНА Хошой чин ван Гомбожавын хүү Аюурзана 1883 онд төрсөн. Чин улсын Бадаргуулт төрийн 27-р он (1901)-д тайж болсон. 1912 онд харъяат аймгийн хан, да жанжин, олон засгуудын хуучин тамгуудыг халж, шинэ тамга цутгуулах, мөнгө хүргэх, бас Богд гэгээнд мөргөхөөр очсон учирт бэйсийн зэрэг хүртжээ. Олонд “Харлаг бэйс” хэмээн алдаршсан нь насан багадаа хийдэд шавилж байгаад шар шувталж хар болсонтой холбоотой Сэргэлэн авхаалжтай, эрдэм номтой тайж байв. Өөрийн хөрөнгөөс ядарч зовсон лам, хар олонд өглөг их тараадаг ноён байсан гэлцдэг. Тэрбээр 1913 онд Баруун хязгаарыг тохинуулахын сайдын хамтаар баруун хязгаарыг Хасгууд уугалан түвээсэнд цэрэг авч амжилттай дайтаж байжээ. 1913 оноос Зоригт ханы хошууны хэргийг эрхлэн шийтгэж, 1920 онд Автономик засгийг сэргээх асуудлаар Бээжинд очсон Монголын төлөөлөгчдийн дунд баруун хязгаарыг төлөөлөн бэйс очиж байв. 1920 онд Ховдын сайдаар тохоон томилогдож байсан. 1921 онд Мөстийн бэлчирт байгуулагдсан Баруун монголын Ардын засгийн газрын дотоод яамны сайдаар томилогдсон. 1922 онд Ховдод суух төлөөний сайдаар Гомбо-Идшин гүн томилогдсоны дараа Аюурзана бэйс Дөрвөдийн баруун чуулганы даргаар тохоогдож байсан байна. 1923-1924 онууд Монгол улсын Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад чөлөө мэдүүлэн уул нутагтаа иржээ. 1928 онд “Дөрвөдийг тусгаарлах гэсэн шар Санжийн хэрэг”-т холбогдон байцаагдаж байгаад 1929 онд нас баржээ. Тэрбээр Орос хийцийн хоёр давхар байшин бариулж байсан нь одоо хүртэл Улаангом хотноо буй. Хоёр давхар байшингийнхаа хажууд хүнсний зориулалт бүхий урт цагаан байшинг ердийн тоосгоор бариулсан байдаг. Хоёр давхар байшинг Богдын өвлийн ордонтой төстэй, хэлбэр хийц нь Европ маягтай, шавар дээвэр, модон тааз, тоосгон ханатай, дээд давхарт гадны зочин гийчин буудаг, нарийн модон вандантай байсан, доод давхарт Хятад маягийн халуун ханзтай, дээд давхарт гадна талаас нь шатаар ордог, Аюурзана бэйс өөрөө хавар, намрын цагт сууж амьдардаг гэх зэргээр судлаачид тодорхойлон бичсэн байна. Дөрвөд аймагт анхны хоршоо байгуулагдахад тэрбээр орон сууцаа өгч байсан мэдээ бий. ТӨГС ХҮЛЭГ ДАЛАЙ ХАН ТҮМЭНДЭЛГЭРЖАВ Дөрвөд далай хан Галсаннамжилын ахмад хүү. 1874 онд төржээ. 1912 онд Засаг, Төгс хүлэг Далай хан цол залгамжилсан. Бат ерөөлт, үнэн сүсэгт, төгс хөлөг Дөрвөд Далай хан Г.Түмэндэлгэржав 1911 оны Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцэлд эрслэн босож, Ховд хотыг чөлөөлөхөд өөрийн хошууны 700 цэргийг удирдан оролцжээ. Үүний учир Богд хаанаас өндөр хэргэм зэрэг шагнуулжээ. 1912-1913 онд Засагт хан аймгийн Дайчин засаг Жалчингомбодоржийн хошуунд нэвтрэн дээрэм тонуул хийж байсан Хасгийн дээрэмчдийг Ховдын сайд Ноён хутагт Дамбийжанцангийн хамтаар 500 шилдэг цэргээ дагуулан очиж бут цохиж байжээ. Дөрвөдийн зүүнгарын чуулган (нийт 12 хошуутай)-ыг удирдахын хамт аймгийн хан, хошууны Засаг ноён байж, 1914 оноос 1917 он хүртэл Ховдын хэрэг шийтгэх сайд, 1916 онд Монгол улсын сангийн яамны дэд сайд, 1917-1919 он хүртэл Ховдын сайдын албыг хашиж явжээ. 1921 оны ардын хувьсгалын ялалтыг Баруун Монголд үргэлжлүүлэн тэндээс гадаадын цэргийг хөөхөд хүчин зүтгэл гаргасан хүн юм. 1921 оны 7-р сард Баруун Монголын Ардын засгийн газрыг байгуулж тус Засгийн газар татан буугдтал Ерөнхий сайдаар ажиллаж байв. 1921-1925 он хүртэл Ховдод сууж хэрэг шийтгэх сайдаар ажиллаж байгаад дараа нь энгийн ардын ёсоор 1937 он хүртэл амьдарчээ. 1922 Ховд хязгаарыг төвхнүүлэх төлөөний сайд, Жанжин, Хичээнгүй баатар бэйл Магсаржаваас Ардын Засгийн газрын Цэргийн яаманд айлтгасан нэгэн бичгээс түүнийг тухайн үед хэрхэн үнэлж байсныг мэдэж болно. Тус бичигт “Дөрвөдийн сайн заяат зүүн гарын сайд Далай хан Түмэндэлгэржав болбоос язгуураас шашин Монголын их хэргийн тул чармайн зүтгэсээр ирсэн бидний улсын нэгэн их гавъяа журамтан мөн. Ялангуяа Ардын эрхт засгийг анхнаа үүсгэн явуулах цагаас төлөөний их түшмэд Дамбадорж, Хасбаатар, Нацов нар лугаа нийтлэн онц тусламжийг үзүүлсэн хэргийн улмаас цагаан намын хулгай нарт баригдан амь бие буснихад хүрч, басхүү албат ард нь нэн бэрхээр зовж зүдэн ардын намын цэрэгт үнэн журмаар тусалсан нь гавъяагүй гэвэл үл болох мэт бөгөөд зүй нь учрыг барж туйлын газраас лавлан тогтоовоос зохихын тулд энэхүү сайдын урьд олгосон хишиг жавшааныг сүүл дор тодорхойлон гаргаж Монгол Ардын Засгийн газарт яаравчлан мэдүүлж явуулаад хүрмэгц байцаан томилж энэ зүйлийн хоцрогдсон гавъяаг илэрхийлэн харъяат сайдыг хууль ёсоор сайшаан хөхүүлбээс болох амой. Үүний тул өргөн илгээв” гэжээ.